Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Төмөр замуудын тээврийн хэмжээ тохиролцох Олон улсын хуралдаан эхэллээ
2014-03-10 09:59:43

Өчигдөр Улаанбаатар хотноо Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн төмөр замуудын гуравдугаар комиссын тавдугаар хэсгийн хуралдаан эхэллээ. Тавдугаар хэсгийн хуралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, БНАСАУ, БНСВУ, Казахстан гэсэн зургаан улсын төмөр зам багтдаг бөгөөд төмөр замууд энэ удаа өргөн бүрэлдэхүүнтэй иржээ. Төмөр замын төлөөлөгчдөөс гадна тээвэр зуучийн компани, гадаад худалдааны байгууллагуудын төлөөллүүд багтсан 150 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирснийг зохион байгуулагчид мэдээлсэн юм.

Жил бүр зохион байгуулагддаг уг хурлаар төмөр замууд тухайн жилийнхээ экспорт, импорт, дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийн хэмжээг тохиролцохоос гадна тээврийг саадгүй шуурхай явуулах нөхцлийг хангах, хэрхэн зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааны асуудлуудыг талууд нүүр тулан хэлэлцдгээрээ ихээхэн онцлогтой юм. Энэ удаагийн хуралдаанаар 2014 оны ачаа тээвэрлэлтийн хэмжээг тохиролцохоос гадна өнгөрсөн 2013 оны хуралдаанаас гарсан шийдвэр хэрхэн хэрэгжсэн талаар хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгч, гарсан хүндрэлүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар ч хэлэлцэх аж.

Хуралдааныг Монгол Улсын Зам, тээврийн яамны дэд сайд Х.Ержан нээж хэлсэн үгэндээ, оролцогч талуудын хамтын ажиллагаанд амжилт хүсэхийн зэрэгцээ Олон улсын чанартай уг хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байгаа завшааныг ашиглан ЗТЯ-наас “Транзит Монгол-2014” арга хэмжээг зохион байгуулах болсон талаар мэдээлэв. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндорж төлөөлөгчдөд 65 жилийн түүхтэй “УБТЗ” ХНН нь улс орныхоо хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулаад зогсохгүй хөрш төмөр замуудын тээврийн үйл ажиллагаанд онцгой үүрэгтэй оролцож ирснийг товч танилцуулав. Мөн 2012-2013 онд замын дээд бүтцийг хүчжүүлж, шинэ зөрлөг нээж, техникийн шинэчлэлийг шат дараатай хийж тээх нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлсний үр дүнд хэсгийн болон техникийн хурд, галт тэрэгний дундаж жин нэмэгдэж, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллаж байгаа талаар мэдээлэл хийсэн юм. Түүнчилэн, УБТЗ нь 2020 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд техник технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэтийн төлөвлөлтийг хэрэгжүүлж эхэлснээ дурьдсан билээ.

Өмнөд хөршийн төмөр замын төлөөлөгчдийн тэргүүн Лян На хуралдаанд оролцогчдод хандаж, БНХАУ-ын төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэж байгааг дурьдаад, өнгөрсөн онд Хятадаас Европын улсууд руу чингэлгийн 80 галт тэрэг зохион байгуулж аялуулсан. Цаашид чингэлгийн тээврийг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйн зэрэгцээ тээврийн үйл ажиллагааны чанарыг дээшлүүлж, тээврийг богино хугацаанд зохион байгуулж, өөрөөр хэлбэл тээврийг илүү шуурхай байлгахыг оролцогч төмөр замуудаас хүсэв. Мөн төмөр замын тээвэрт ачааны урсгалыг татахын тулд аль болох хөнгөлөлттэй тариф санал болгохыг уриалсан юм. Эцэст нь тэрээр БНХАУ-ын төмөр зам төмөр замуудтай нөхөрсөгөөр зөвлөлдөн бүх талын ашиг сонирхлыг хангах нөхцлөөр хамтран ажиллахыг эрмэлзэж буйгаа илэрхийлсэн. 

Түүнчилэн ОХУ-ын төмөр замын төлөөлөгчдийн тэргүүн Ренне Людмила Алексеевна  Улаанбаатар хотод зохион байгуулагдаж буй тээврийн хэмжээг тохиролцох ээлжит хуралдаан тун найрсаг уур амьсгалд эхэлж буйг онцлоод, хойд хөршийн төмөр замчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирснээ танилцуулж байлаа.

Хуралдааныг Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын тээврийн мэргэжилтэн Пак Чол Хо даргалж байна.

УБТЗ-ын Тээвэр хариуцсан орлогч дарга Ш.Эрдэнэбулганаас тус хуралдаанд УБТЗ ямар байр суурьтай оролцож буйг тодрууллаа.

-Энэ удаагийн хуралдаанд төмөр замууд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Манайд бүртгэгдснээр 150-аад хүн оролцож байна. Түүнээс гадна тээвэр зуучийн компаниудын төлөөлөгчид ирсэн. Манай төмөр замаас тавьсан хүндрэлтэй асуудал алга. Энэ хуралтай холбогдуулаад Зам, тээврийн яамнаас “Транзит Монгол-2014” гэсэн уулзалт танилцуулга зохион байгуулж байна. Зөвхөн тээврийн хэмжээ тохиролцох биш “Транзит Монгол-2014”-т оролцох гэж тээвэр зуучийн компаниуд зорьж ирсэн. Хятадын Жүнжөү хотын тээвэр зуучийн компани Монголын нутгаар дамжуулан транзит чингэлэг явуулъя гэсэн хүсэлт гаргасан. Яг үүнтэй холбогдуулаад ОХУ-аас хамтарч ажиллах компаний төлөөллүүд ч иржээ.

-2014 онд манай нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх болов уу?

-Транзит тээвэр цаашдаа ч нэмэгднэ. Өнгөрсөн оны мөн үеийг 2014 оны эхний хоёр сартай харьцуулахад экспорт, импорт, орон нутгийн ачааны хэмжээ буурсан ч дамжин өнгөрөх ачаа нэлээд давж биелсэн үзүүлэлттэй харагдаж байна. Ер нь, төмөр замууд хамтарч ажиллах, тээврийн үйл ажиллагаагаа харилцан дэмжих, аль болох хөнгөлөлттэй тарифыг үзүүлэх, мэдээлэл солилцоогоо тодорхой болгох, хил дээр гарч буй хүндрэлүүдээ багасгах гээд технологитой холбоотой асуудлууд дээр санал нэгтэй байгаа нь ажиглагдаж байна гэлээ.

 

Хуралдаан энэ сарын 07-ний өдөр өндөрлөх юм.

« буцах