Хуанли

4-р сар 2024

ДаМяЛхПүБаБяНя
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
ЭНЭТХЭГИЙН ТӨМӨР ЗАМ 7500 ӨРТӨӨТЭЙ
2014-04-11 11:23:20
Олон мянган км замаар сүлжин үргэлжлэх хамгийн том төмөр замын нэг нь Энэтхэгийн төмөр зам юм. Энэтхэгийн төмөр замын түүх 19 дүгээр зууны дунд үеэс улбаатай. 1848 онд ганц ч км  төмөр замгүй Энэтхэг улсад  төмөр зам тавихыг Лондонгоос шаардаж эхэлжээ. Хамгийн анхны төмөр зам нь 1853 онд Бомбей хотоос Тхэйн хүртэл тавигдсан аж.  1857 оноос  Англи инженер Роберт Майтлэнд Брэртоны хариуцсан төмөр замын ажил өргөжсөөр Брэртон “Их Энэтхэгийн хойг”-ийн төмөр зам хэмээх ажлыг хариуцаж, 6400 км урт зам тавьсан нь Бомбей хотоос Калькутта хүртэл аялах боломжтой болжээ. Эдүгээ Энэтхэгийн төмөр зам нь нийт 7500 өртөө бүхий 65000 км урт сүлжээ замаар холбогддог дэлхийн хамгийн том төмөр замын нэг болсон юм. Хэрэв салбар замуудын уртыг нэмж тооцоолбол 115000 км хүрэх аж. 2014 оны байдлаар Энэтхэгийн төмөр зам өдөрт 30 сая, жилдээ 10 тэрбум гаруй зорчигч тээвэрлэх тооцоог гаргажээ. 2011-2012 оны байдлаар Энэтхэгийн төмөр зам нийт 18 тэрбум долларын орлого олсноос ачаа тээвэрлэлтээс 11 тэрбум доллар, зорчигч тээврээс 4,7 тэрбум доллар олжээ.  Энэтхэгийн Төмөр зам нь улсынхаа засгийн газрын мэдэлд байж, зам тээврийн яамандаа харъяалагдана. Арилжаа болоод ажил олголтоороо дэлхийд есдүгээрт ордог бөгөөд 1,4 сая ажилтантай юм. Тус улс хөдлөх бүрэлдэхүүний эд анги, зүтгүүрийг дотооддоо үйлдвэрлэж, засаж, сэлбэдэг. Одоогоор Энэтхэг улс дизель болон цахилгаан гэсэн хоёр төрлийн зүтгүүр ашиглаж,  зүтгүүрийг дөрвөөс таван үсгээр ангилдаг аж. Эхний үсэг ямар царигтай замаар явдаг болохыг, хоёр дахь үсэг зүтгүүрийн хүчийг, гурав дахь үсэг зорчигчийн эсвэл бараа тээврийн аль нь болохыг, дөрөв дэх үсэг нь зүтгүүрийн ашиглагдсан хугацааг, тав дахь үсэг нь техникийн төрөл, модель, серийг  илтгэнэ. 2012 онд Энэтхэгийн төмөр замд 5197 дизель зүтгүүр, 4309 цахилгаан зүтгүүр ашиглагддаг гэсэн тооцоо гарчээ. Түүнчлэн тус улсын төмөр зам 1.676 мм өргөн, 1,435 мм стандарт, 1000 мм-ийн цариг, 762 болон 610 мм-ийн нарийн цариг гэсэн дөрвөн төрөл хэмжээс цариг бүхий замтай юм. Нийт 65000 км замын ихэнх нь өргөн царигтай аж. Харин нарийн царигтай замыг голчлон тус улсын уулархаг бүс нутгаар тавьжээ.  Энэтхэгийн зорчигч тээврийн галт тэрэг нь зорчигчдын худалдан авах чадвараас шалтгаалан үнийн зөрүүтэй бөгөөд хамгийн хямд тасалбараар нийгмийн доод давхаргынхан зорчдог аж. Бүс нутгийн уур амьсгалаас шалтгаалан агаар салхи нэвтэрсэн, нимгэн материалаар хийгдсэн галт тэрэг  галын осолд хамгийн их өртдөг. 2013 оны байдлаар Энэтхэгийн төмөр зам дундаас доогуур түвшний галт тэрэгнүүддээ нарны зайн гэрэлтүүлэг, агааржуулах системийг суурилуулж байгаа нь зорчигчийн хуучны галт тэргийг цаашид ч ашиглах бодлого барьж буй бололтой. 
« буцах